Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул-Богд уул /хамгийн өндөр цэг нь 2265 м/, Сонгинохайрхан /оргил нь 1663 м/, Чингэлтэй /1831 м/, Баянзүрх /1846 м/ нь тус тусдаа сан тахилгын судартай ч дөрвүүлийг нэгтгэн тахихаар зохиосон энэ хураангуй судар ихэд тархсан юм. Зөвхөн дөрвөн уул төдийгүй Хан уулын ард орших Зэндмэнэ уул, Хатан Туулыг ч энэ судраар тахиж болно.Дөрвөн уулын энэхүү хураангуй судар ихэд дэлгэрсэн байдаг. Дөрвөн уул нь Монголын түүхэнд эртнээс алдартай бөгөөд олон сайхан домог хууч уламжлагдан иржээ. Тухайлж нэгийг өгүүлбээс Чингис хаан есөн өрлөг, 13 баатрынхаа хамт Алтан тэвшийн хөндийд буюу Хүн чулууны хонхорт нэг удаа саатан морилжээ. Тэр үедээ дөрвөн зүгт нь сүндэрлэх дөрвөн уулыг сонжин шинжин ажаад тус бүрт нь нэр хайрласан гэнэ. Тэр үед дөрвөн уул тухайлсан нэргүй байсан гэнэ. Чингис хаан дөрвөн уулыг нар зөв эргэж Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Цэнгэлтэй хэмээн нэрлэсэн нь цөм учиртай байжээ. Үүнээс өмнө энэ дөрвөн уулыг Хан гарди /Хан уул/, Арслан /Сонгинохайрхан/, Луу /Цэнгэлтэй хайрхан/, Бар /Баянзүрх уул/ гэж савдгаар нь нэрлэж байсан гэнэ. Чингис хаан Арслан савдагтай хайрханд явж байтал арслан архирах шиг дуун гарч, хад асга нурж, их эзний өлмийд том сонгино өнхөрч ирээд тогтсонд уг уулыг Сонгинохайрхан гэж нэрлэсэн домогтой. Энэчлэн бусад уулыг нэрлэсэн домгуудтай.Тайлбар а: “Чингэлтэйн сан тахил” хэмээх эл модон барын судар нь богино авч товч тодорхой юм. Чингэлтэй уул нь Улаанбаатар хотын умар биед оршдог. Хүрээний тахилга шүтлэгт дөрвөн уулын нэг бөгөөд Хэнтий ханы олон салбар уулын нэг юм. Энэ уулыг ном эрдмийн цагаан өвгөн сахиустай гэж ном бичгийн хүмүүс дээдлэн тахиж шүтэж иржээ. Чингэлтэй ууланд Их Бурхант, Бага Бурхант хэмээх хоёр уул буй. Чингэлтэй салбар уулын ам бүрээс олон гол, горхи, рашаан булаг урсдаг. Тэдгээрээс Хайлаастын гол, Яргайтын гол, Чингэлтэй, Сэлбийн голд зориулсан олон сайхан дуу шүлэг зохиогджээ. Чингэлтэй нэр нь Цэнгэлтэ йгэсэн нэрийн хувирсан хэлбэр болно.Тайлбар б: Эл сударт Сонгинохайрхан уулыг Зонжаа гэж төвдөөр орчуулсны дээр бас Өндөр хайрхан гэж өргөмж нэрээр нэрлэсэн байна. Энэ уул Улаанбаатар хотын баруун этгээдэд Туул голын хойд биед орших, дундаж өндөр нь 1600 м болно. Сонгинохайрхан уулыг бүрэн зэвсгээ агссан их баатар эр, цэргийн жанжин зэрэг олон шинжтэй гэж ард түмэн домоглон ярьсаар иржээ. Энэ нь арсгар барсгар асга хад ихтэй тул ийн хэлсэн биз.Судрын төгсгөлийн үгээс үзвэл Рүдан хийдийн ханчин Агваанпринлайжамц зохиосон ажээ. Рүдэн буюу Раден хийд нь 11 дүгээр зууны эхээр Төвдөд Брондонба хувилгааны байгуулсан хийд болно. Тэгэхлээр Агваанпринлайжамц нь энэ хийдээс Их хүрээнээ залагдан ирсэн бололтой. Их хүрээний нэгэн эрдэмт лам Агваанпринлайжамцаас Сонгинохайрханы сан сэржим зохион хайрлахыг хүсчээ. Тэгэхэд нь Агваанпринлайжамц тэр өндөр хар уул их догшин уул юм байна. Энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, айхавтар хөх өвгөн байна. Бас зарим үед их цэргийн ноёны байдалтай болдог ид шидтэй өвгөн байна гэж айлдаад дээрх сангийн судрыг зохиосон гэдэг.Сонгинохайрхан уул нь Монголын эрт эдүгээгийн түүх соёлын дурсгалаар баялаг уулын нэг болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment