Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн хүрэл төмөр үеийн дурсгалыг судлах анги хайгуулаар явж байхдаа Туул голын хөндий Сонгинохайрханы салбар уулс болох Бурхантын гацааны амны зүүн хойно Дадарт уулын энгэрээс нэгэн булшийг олж малтжээ. Малтлагыг 2х4 метрийн хэмжээтэй талбайд хийхэд жижиг чулуун дараас 30 см үргэлжилсний дараа цайвар бор өнгийн шороон давхарга илэрч 1 м 80 см гүнд эх газар гарсан байна. Булшны хойд хажуу руу нас барагчийг шургуулан оршуулсан нь нэг метр 75 см-ийн гүнд илэрч.Нас барагчийн толгойн баруун талд хонины дал, модон иштэй төмөр хутга, их биеийн баруун талд 65 см урт үйсэн хоромсого, түүний дотор гурван ширхэг төмөр зэв, зүүн талд нь гурван хөлт ширмэн тогооны хөлний хугархайн хэсэг, шаант чөмөг зэрэг олдворууд дагалдуулсан байжээ.Дадарт уулын булшинд хоёр ширхэг төмөр дөрөө дагалдуулсан нь өмнөх үеэс уламжилж ирсэн заншил гэж судлаачид үздэг.Морьтон Монголчууд морин дээрээ бат тогтох, буух мордох зэрэгт дөрөө их үүрэгтэй тул дөрөөг ихэд эрхэмлэн үзэж иржээ. Эзэнт гүрний үед морин цэрэг буудаллахдаа дөрөөгөө цохин дохио өгдөг байж. Их цэргийн эхэнд яваа хэсэг зогсож дөрөөгөө цохиход дараагийнх нь цэргүүд тэр дохиог дамжуулснаар цэргийн цуваа зогсож, агт морьд шээж, цэргүүд амардаг байжээ. Энэ дохио өдгөө утга нь өөрчлөгдөж монгол хүн морио шээхэд буруу талынхаа дөрөөг ташуураараа цохидог болон хувирсан байна.ХIII-XIV зууны монгол булшнаас хүндээ хоол хүнс дагалдуулан хийсэн зан үйлийн шинж болох шаант чөмөг, дал зэрэг зүйлс нийтлэг олддог юм. Дадарт уулын булшинд ч энэ зан үйл ажиглагдсан байна. Мөн Монгол төсийн 50-60 орчим настай, нэг метр 75 см өндөр хүний шарил, алтан чимэг бүхий бүс Дадарт уулын булшнаас олджээ. Бүсний хамгийн сонин чимэг бол баруун талын ташаанд таарч байсан цох хэлбэрийн зүүлт. Зүүлтний доод талд гонзгой хэлбэртэй, угалз хээ дүрсэлсэн чимэг ажиглагджээ. Уг олдворыг XII-XIII зууны хүн амын давхаргын хөрөнгө чинээний байр суурийг илтгэж байна гэж судлаачид үздэг юм.“Монголын нууц товчоо”-нд алтан гэр, алтан ээмэг, алтан сав суулгыг талын язгууртнууд хэрэглэж байсан тухай тэмдэглэсэн нь энэ таамаглалыг нотолдог. Оросын нутаг дэвсгэрт малтсан XIII-XIV зууны монгол булшнуудад ч алтан эдлэл дагалдуулсан байдаг.Эдгээр олдворуудаас үүдэж дүгнэвэл Дадартын монгол булшинд нутаглуулсан хүн XII-XIII зуунд Чингис хаанд үйлчилж байсан ямар нэг хөрөнгөлөг язгууртны төлөөлөгч гэж үзэх үндэстэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment